Танилцуулга Түүхэн хөгжил Бидний амжилт
Сургалтын орчин бүрдүүлэлт

Сургалтад Мэргэжлийн боловсрол сургалтын салбар, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редактор, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж байгууллага, ТББ-ынхан зэрэг 40 орчим оролцогч хамрагдав.

Сургалтын нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “МСҮТ, Политехник коллежид суралцсан залуус богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшиж хөдөлмөрийн зах зээлд гардаг онцлог давуу талтай. Манай улсад Их дээд сургуульд сурсан дипломтой, ажилгүй залуус олон байна. Тиймээс богино хугацаанд мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, энэ тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагатай ил тод, нээлттэй хамтарч ажиллах нь чухал. Мөн бид МБС-ын хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болгож Засгийн газарт хүргүүлээд байна” гэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны Байнгын төлөөлөгч, хатагтай Регина Рутенберг “МБС-ын ач холбогдлын талаар сурч, ярилцах, цаашлаад олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой өнөөдрийн үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын олон төлөөлөгчид цахимаар энэ онцгой цаг үед цугларч байгаад бид баяртай байна. МБС бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн цаашдын хөгжилд өндөр ач холбогдолтой, эрэлт хэрэгцээтэй чадварлаг ажиллах хүчийг бэлтгэх түлхүүр. МБС-аар олгож буй мэргэжлүүд нь маш ирээдүйтэй. Учир нь аж ахуйн нэгжүүд бэлтгэгдсэн, өндөр туршлага хуримтлуулсан чадварлаг ажилчдыг хайж байна.

Ийнхүү мэргэжлийн өндөр түвшний суурь мэргэжлийн сургалтад хамрагдсанаар залуучууд хөдөлмөрийн харилцаанд орж, орлого олохоос гадна Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой. Хэвлэл мэдээлэл нь олон нийтийн дуу хоолой болж, МБС-ын салбарыг олон нийтэд илүү сайн таниулах, ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн ажилтан та МБС-ын салбарын талаарх мэдээ мэдээлэл, тоо баримтуудыг бусадтай хуваалцсанаар илүү мэдээлэлтэй сонголт хийхэд нь эцэг эх, залуус ААН гэх мэт зорилтот бүлгүүдэд туслах хүчтэй юм” гэдгийг онцлов.

Сургалтаар ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа “Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын өнөөгийн байдал”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тухайлбал, МБС-ын цахимжуулалт болоод энэ салбарт хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, арга хэмжээ, ОУ-ын тэмцээн уралдаанд хэрхэн амжилттай оролцдог зэрэг мэдээллээр илтгэж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мөн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн ахлах мэргэжилтэн Д.Оюунаа “ХБНГУ-ын мэргэжлийн боловсрол сургалтын салбараас бид юуг суралцаж болох вэ?” сэдэвт илтгэлээр төслийн ерөнхий мэдээлэл, 2013 оноос хойших үр дүнг танилцуулсан юм.

Үүнээс гадна МБС-ын мэдээ мэдээллийг хаанаас хэрхэн авах боломжтой, тоон мэдээллээр инфографик хийх ямар хэлбэрээр хүргэх, удахгүй болох “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” дата сэтгүүлзүйн цахим хакатоны талаар мэдээлэл өглөө.

2013 оноос хойш ХБНГУ-ын Засгийн газар GIZ-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан Мэргэжлийн боловсрол, сургалтын” төслөөр дамжуулан МБС-ын салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж байна. Сургалтын чанарыг сайжруулах нь төслийн гол зорилго юм. Өнөөдрийн цахим сургалт нь МБС-ыг олон нийтэд сурталчлах зорилгоор сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан зохион байгуулж буй цуврал үйл ажиллагааны нэг юм. Энэ сарын 25-27-ны хооронд “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” дата сэтгүүлзүйн цахим хакатон болно. Та бүгд идэвхтэй оролцоорой.

347

Хуваалцах: