Танилцуулга Түүхэн хөгжил Бидний амжилт
Хамтын ажиллагаа

 

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэхэд олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.  Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын бүрэн эрхт гишүүн  болсноос хойш  тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. 

Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлж батлуулсан. Өдгөө “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” гэсэн Ерөнхий Ассамблейн 5 тогтоолыг тогтмол санаачлан батлуулж буй.         

Монгол Улс 2000 оноос хойш зохион байгуулсан тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт,  хөгжлийн санхүүжилт, гамшгийн эрсдлийг бууруулах болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дамжин өнгөрөх хамтын ажиллагааны асуудлаарх томоохон хурал, дээд хэмжээний уулзалтуудад оролцож, тэдгээрээс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ирсэн. НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж ирсэн.  Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж, манай хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чухал түнш байсаар ирлээ.