Танилцуулга Түүхэн хөгжил Бидний амжилт
Боловсролын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Боловсролын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."бүх нийтийн ерөнхий боловсрол" гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

3.1.2."суурь боловсрол" гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;

3.1.3."боловсролын агуулга" гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;

3.1.4."боловсролын түвшин" гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;

3.1.5."сургалтын байгууллага" гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;

3.1.6."албан боловсрол" гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;

3.1.7."албан бус боловсрол" гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;

3.1.8."багц цаг" гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.

3.1.9."хөгжлийн бэрхшээлтэй суралцагч" гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.10."сургалтын орчин" гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.11."төлөвшил" гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.12."сургуулийн нийгмийн ажилтан" гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.13."олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль" гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.14."ерөнхий боловсролын лаборатори сургууль" гэж бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургуулийг;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.15."боловсролын туслах ажилтан" гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.16."ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага" гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг /орлогыг/ зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээдийг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.17."ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага" гэж хувь оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг бөгөөд ашиг олох зорилгоор сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.18."сургалтын цөм хөтөлбөр" гэж тухайн шатанд суралцагчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин, түүнд хүрэх цогц үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг илэрхийлсэн баримт бичгийг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.19."өдөр өнжүүлэх үйлчилгээ" гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр эрүүл, аюулгүй орчинд хүүхдийг асрах, хамгаалах, хөгжлийг дэмжих сургалтаас гадуур үзүүлэх үйлчилгээг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.20."насан туршийн боловсрол" гэж бүх насны иргэд боловсролын албан болон албан бус хэлбэрээр ёс суртахуун, гоо зүй, иргэн, гэр бүл, шинжлэх ухаан, амьдрах ухааны боловсролыг тасралтгүй эзэмших үйл ажиллагааг

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Боловсролын зорилго

Хэвлэх

4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.

5 дугаар зүйл.Боловсролын үндсэн зарчим

Хэвлэх

5.1.Боловсролын үндсэн зарчим нь:

5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;

5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;

5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий, гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно;

 

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.

6 дугаар зүйл.Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг

Хэвлэх

6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.

6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.

6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.

6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл.Боловсролын тогтолцоо

Хэвлэх

7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

8 дугаар зүйл.Боловсрол эзэмших арга, хэлбэр

Хэвлэх

8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл.Боловсролын баримт бичиг

Хэвлэх

9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.

9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

9.3.Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төв нь сургалтын баримт бичиг болох сурагчийн хувийн хэрэг, ангийн журналыг хөтөлнө.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.4.Сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.5.Гадаад улсын боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан тооцох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

Боловсролын хөтөлбөр, агуулга, стандарт

 

 

/Энэ бүлгийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

10 дугаар зүйл.Боловсролын хөтөлбөр, агуулга

Хэвлэх

 

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

10.2.Тухайн шатны боловсролын агуулгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөтөлбөрөөр зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

10.3.Бүх шатны боловсролын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

11 дүгээр зүйл.Боловсролын агуулгын түвшин, стандарт

Хэвлэх

11.1.Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Боловсролын стандарт нь багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.3.стандартыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.4.Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага дагаж мөрдөнө..

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

11.5.Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан батална."

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Боловсролын байгууллага

 

12 дугаар зүйл.Боловсролын байгууллага

Хэвлэх

12.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.

12.2.Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно,:

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.2.1.ашгийн төлөө бус;

12.2.2.ашгийн төлөө.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3.Төрийн өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

12.4.Төрийн бус өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус болон ашгийн төлөө байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

12.5.Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага байгуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл.Боловсролын байгууллагын тогтолцоо

Хэвлэх

13.1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн боловсролын үнэлгээний, мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт оруулсан/

13.2.Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага

Хэвлэх

14.1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байна.

/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.2.Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага эрхэлж болно.

/Энэ хэсгийг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

141 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага

 

Хэвлэх

141.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно.

141.2.Политехник коллеж нь техникийн боловсролын сургалт эрхэлдэг байгууллага байна.

/Энэ зүйлийг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллага

Хэвлэх

15.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16 дугаар зүйл.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага

Хэвлэх

16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.2.Аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хууль, 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан/

16.3.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хууль, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

16.4.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын бүтэц, дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын газрын ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь дараах чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын ажлыг тасралтгүй эрхлэх байнгын бүтэцтэй байна:

16.5.1.боловсролын стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, сурагчдын мэдлэг, чадвар, дадлын үнэлгээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх;

16.5.2.сурах бичгийн агуулга, арга зүй, боловсролын удирдлага, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, мэдээлэл, холбооны технологид суурилсан сургалт.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.6.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага боловсролын хөгжлийн бодлого болон сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйлчилгээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.7.Багшийн мэргэжил дээшлүүлэх, арга зүйн байгууллагын дүрэм, бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон тоог санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл.Албан бус боловсролын байгууллага

Хэвлэх

17.1.Насан туршийн боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага орон нутгийн насан туршийн болон албан бус боловсролын байгууллагыг нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ чиглэлээр боловсрол олгож байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт насан туршийн болон албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.3.Насан туршийн болон албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

171 дүгээр зүйл.Боловсролын үнэлгээний байгууллага

 

Хэвлэх

171.1.Боловсролын үнэлгээний байгууллага бүх шатны боловсролын чанарт үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, дээд боловсролын хөтөлбөрт элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий хуулийн этгээд мөн.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

171.2.Боловсролын үнэлгээний байгууллагын бүтэц, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

18 дугаар зүйл.Сургалтын бусад байгууллага

Хэвлэх

18.1.Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа, өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.2.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.

18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллагыг хууль тогтоомжид заасны дагуу байгуулан ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.4.Шашны сургуульд суралцагчид суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулна.

18.5.Энэ хуулийн 3.1.19-т заасан үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

19 дүгээр зүйл.Боловсролын сургалтын байгууллага байгуулах

Хэвлэх

19.1.Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд өмчийн аль ч хэлбэрт үндэслэн байгуулж болно.

19.2.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох байгууллага

Хэвлэх

20.1.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 15.7.8, 15.7.9, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежид, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт, 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

20.2.Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль, их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулах хамтарсан сургууль болон гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

21.1.Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:

21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;

21.1.3.сургалтын төлөвлөгөө;

21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;

21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;

21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;

21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;

21.1.8.байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.

21.2.Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3 - 21.1.7-д дурдсан баримт бичиг, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.

 

21.3.

 

 

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

21.4.Энэ хуулийн 21.1.1-21.1.7-д заасан баримт бичигт тавигдах шаардлага, загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

21.5.Боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

21.6.Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх

Хэвлэх

 

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 4 дгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

22.1.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

22.2.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь журмаар олгоно:

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.2.1.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.2.2.урьдчилсан зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцөлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.2.3.үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.2.4.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор эрх бүхий байгууллага төрийн захиргааны болон боловсролын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэх бөгөөд магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үүсгэн байгуулагч хариуцах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.2.5.шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.2.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллага шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэх, тусгай зөвшөөрлийг олгох.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.3.Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа улсын бүртгэлийн байгууллагад ажлын 15 өдрийн дотор бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

22.4.Улсын бүртгэлийн байгууллага боловсролын сургалтын байгууллагыг сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд үндэслэн төрийн өмчийн, ашгийн төлөө бус, ашгийн төлөө гэсэн ангиллаар, энэ хуулийн 14, 141, 15 дугаар зүйлд заасан хэв шинжээр нь нэрлэж бүртгэнэ

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

Хэвлэх

23.1.Тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд тухайн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тоолно.

23.3.Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.

23.4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

24 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

24.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:

24.1.1.мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;

24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;

24.1.4.боловсролын сургалтын байгууллагыг бусад байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

24.1.5.хуульд заасан бусад үндэслэл.

 

/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

25 дугаар зүйл.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах

Хэвлэх

25.1.Боловсролын сургалтын байгууллагыг дараахь тохиолдолд татан буулгана:

25.1.1.ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага бол тухайн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэрээр, ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;

25.1.3.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;

25.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

25.2.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1-д заасны дагуу татан буулгах шийдвэр гарахаас 2 сарын өмнө тухайн боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээний талаархи саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг саналыг судлан дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.3.Тухайн боловсролын сургалтын байгууллагыг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно.

25.4.Боловсролын сургалтын байгууллага татан буугдсан болон суралцагчид учирсан хохирлыг арилгуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

25.5.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбогдон үүсэх эд хөрөнгийн харилцааг иргэний хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.6.Энэ хуулийн 25.2-т заасныг хэрэгжүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргах аргачлал, журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зүйл.Боловсролын магадлан итгэмжлэл

Хэвлэх

26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ажиллагаа мөн.

/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.3.Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг Засгийн газар батална.

26.4.Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын удирдах зөвлөл төр, олон нийт, суралцагчийн төлөөллөөс бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.5.Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

26.6.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл магадлан итгэмжлэх шалгуур, журмыг тогтоох, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагыг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

26.7.Төрөөс боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

26.8.Монгол Улсад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах гадаадын байгууллагыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл бүртгэж, зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

Боловсролын удирдлага

 

27 дугаар зүйл.Боловсролын удирдлагын тогтолцоо

Хэвлэх

 

27.1.Боловсролын удирдлагын тогтолцоо нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагаас бүрдэнэ.

 

/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

27.2.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

27.3.Аймаг, нийслэлийн боловсролын газрын дэргэд тухайн нутаг дэвсгэрт явуулах боловсролын үйл ажиллагааны бодлого, хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

28 дугаар зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

28.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;

 

28.1.2.боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарынхаа холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох;

 

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;

28.1.4.бүх шатны боловсролын стандарт, норм, нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах;

 

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

 

28.1.5.иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;

28.1.6.удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;

28.1.7.цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

28.1.8.боловсролын хөтөлбөр, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

28.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

28.1.10.боловсролын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;

 

28.1.11.гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, сургалтын төвд хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах, хяналт тавих, холбогдох журмыг баталж мөрдүүлэх;

 

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

28.1.12.боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

28.1.13.аймаг, нийслэлийн боловсролын газрыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах;

 

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

28.1.14.суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.1.15.боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

28.1.16.орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээнд үндэслэн дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу элссэн иргэдээс Боловсролын зээлийн сангаас буцалтгүй тусламжаар суралцуулах оюутны тоог жил бүр аймаг, нийслэлээр тогтоож, гэрээний үндсэн дээр суралцуулах журам баталж хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.1.17.энэ хуулийн 28.1.16-д заасан гэрээний үндсэн дээр дээд боловсрол эзэмшсэн багш, боловсрол, соёл, эрдэм шинжилгээний ажилтанг орон нутагт томилон ажиллуулах;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

28.1.18.боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

28.1.19.төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба, насан туршийн боловсролын сургалт, арга зүйн байгууллага, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал /дарга/-ын ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

28.1.20.боловсролын стандартыг хэвлэх, түгээх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

28.1.21./Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

28.1.22.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах бөгөөд албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

28.1.23.төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.1.24.сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.1.25.төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн тусгай арга хэмжээ, хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтыг хэрэгжүүлэх журам боловсруулж батлах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.1.26.гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, соёл, ёс заншил зааж сургахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.1.27.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.1.28.энэ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрх.

 

/Энэ заалтын дугаарт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

 

 

28.2./Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

28.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, эрх бүхий байгууллага батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.4.Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

281 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн боловсролын газар

 

Хэвлэх

281.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;

281.1.2.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох;

281.1.3.багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

281.1.4.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх;

 

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

281.1.5.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;

281.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;

281.1.7.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

281.1.8.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

281.1.9.аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

281.1.10.өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

281.2.Нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно.

281.3.Нийслэлийн боловсролын газар нь энэ хуулийн 281.1-д заасан чиг үүргээ нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно.

 

282 дугаар зүйл.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

 

Хэвлэх

 

282.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

 

282.1.1.боловсролын болон холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

 

 

282.1.2.аймаг, нийслэлийн боловсролын газар болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

 

282.1.3.гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, хэлбэр өөрчлөх тохиолдолд сургалтын тасралтгүй байдлыг хангах хариу арга хэмжээг авах нэгдсэн зохицуулалт хийх;